1Share |
§ 1. Монгол бичиг 35 үсэгтэй . Эдгээр үсгийг эгшиг, гийгүүлэгч, тэмдэг гэж хуваана.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр саадгүй чөлөөтэйгөөр гарч хэлэгдэх авиаг эгшиг авиа гэнэ.
Уушгинаас гарсан хий амны хөндийгөөр гарахдаа ямар нэг саад хашилт тохиолдож хэлэгдэх авиаг гийгүүлэгч авиа гэнэ.
Цагаан толгойн а, э, и, о, у, ө, ү, я, е, ё, ю, й, ы энэ арван гурав нь эгшиг;
б, в, г, д, ж, з, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ энэ хорь нь гийгүүлэгч; ъ,ь хоёр нь дуудлагагүй тул эгшиг ч биш, гийгүүлэгч ч биш зүгээр тэмдэг үсэг болно.
§ 2. Эгшиг үсэг 13 боловч монгол хэлний эгшиг авиа 7 юм. Энэ долоон авиаг тэмдэглэх а, э, и, о, у, ө, ү үсгийг үндсэн эгшиг гэнэ. Нөгөө я, е, ё, ю, й, ы зургааг туслах эгшиг гэнэ.
§ 3. Монгол үгийн эхний үеийн эгшиг дандаа тодорхой хэлэгдэх тул түүнийг өргөлтөт эгшиг гэдэг.
Үгийн нэгдүгээр үеэс хойш орох богино эгшгүүд цөм тодорхойгүй хэлэгдэх тул түүнийг балархай эгшиг гэнэ. Жишээлбэл: Наран, жаргах гэдэг хоёр үгийн эхний эгшгүүд өргөлттэй ба сүүлийн эгшгүүд балархай юм.